Улстөр судлалаар Америкт төгсөөд ирсэн А.Урангоог Монголд танихгүй хүн ховор. Америкт 10 гаран жил амьдарсан ч, аавынх нь гэнэтийн хагацал, түүний амьдралд цохилт болж, Монголдоо суурьшин амьдрахаар сэтгэл шулуудсан гэдэг. Өөрийн нэр болон аавынхаа нэрний эхний үсгээр компаниа нэрлэсэн тэрээр Монголд ирсэн цагаасаа сошиалд идэвхитэй амьдарч “Твиттерийн хатан хаан” нэртэй хэсэгтээ л манаргаж явсан. Хүний нөөцийн чиглэлээр эхлүүлсэн бизнес нь фэйлдэж цугтаа эхлүүлсэн охиддоо тонгоруулсан гээд уналт босолтын өвдөлтийг чамгүй хүртсэн нэгэн. Төд удалгүй Үл хөдлөхийн салбарт хүч үзсэн нь амжилттай байж, өдгөө тэрбум тэрбумаар нь татвар төлдөг үндэсний хэмжээний хамгийн том үл хөдлөх компанийн нэг болсон. Тансаг зэрэглэлийн хаус хотхоны борлуулалтаараа тэргүүлдэг “UA” компанийн үйл ажиллагаа өргөжин тэлсээр олон улсын зах зээлд тоглолт хийгээд эхэлсэн нь түүний сийрэг ухаан, хурд хүчтэй салшгүй холбоотой. Компаниас илүү борлуулагч нар нь ашигтай ажилладаг гэх тэдний компанид орвол доод тал 5 сая төгрөгний цалингаас эхлэнэ гэж байгаа.
